Tuesday, October 23, 2012

Цахим Монгол уу, Цаасан Монгол уу?


Сүүлийн үед мэдээллийн технологийн мэргэжлээр суралцахыг хүсэгчид болон уг чиглэлээр сургалтаа явуулдаг их сургуулиуд маш олон болжээ. Арга ч үгүй биз дээ, бүх дэлхий даяар мэдээлэл глобалчлагдаж, ямар ч компаний үйл ажиллагаа ямар нэг програм хангамж, өөрсдийн гэсэн мэдээллийн системгүйгээр цаашид өргөжин хөгжиж нийгэмд өрсөлдөх боломжгүй болж байгаа нь үүнд түлхэц болж байгаа. Үнэндээ монголчууд бидний дэлхийн хэмжээнд амжилт олж болох хамгийн боломжийн салбар бол  “Мэдээллийн Технологи” гэхэд буруутахгүй байх. Учир нь ямар нэгэн програм хангамж бүтээхийн тулд бидэнд компьютер, хэрэгтэй хэдэн програм байхад л болно. Өөр ямар нэг онцгой техник, технологи шаардлаггүй. Мөн дээр нь ажиглаад сонсоод байхад монгол хүний оюуны потенциал гэж чухал зүйл байх аж.  Хилийн чанадад очин суралцаж буй монгол оюутнуудын түүхээс энэ тухай олон зүйл сонсож болно. Олон чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр бид хэдийгээр өөрсдийгөө тэр сайн, тэр муу гэж ярицгаах боловч ерөнхийдөө монгол үндэстэн оюуны чадвараар дээгүүрт ордогт хүмүүс маргахгүй боловуу. Тиймээс энэ салбараар бидэнд өргөн ирээдүй бий...

Монголд мэдээллийн технологийн боловсрол олгох болсоор одоо 40 шахам жил болж байна. Өөрөөр хэлбэл эхний үеийнхэн маань одоо хөгшрөөд өвгөн болох тийшээгээ оржээ гэсэн үг.  Асуулт гэвэл бүхэл бүтэн хүний амьдарлын үе өнгөрөхөд монголын мэдээллийн технологийн хөгжил ( бидний дээр дурдсан давуу талыг тооцон үзвэл ) хэр төвшинд хүрсэн бэ? Банк санхүүгийн хэдэн систем, хороо хорин, нийгмийн даатгал зэрэг газарт байх хэдэн програмууд, төрөл бүрийн вэб сайтуудыг эс тооцвол монгол гэсэн нэртэй хэрэг болчихоор програм, систем бараг байдаггүй л байх. Хэдийгээр жил бүр олон арван системүүд гардаг боловч тэдгээрээс тогтмол ашиглагдан хүний хэрэгцээг хангаж байгаа хэмжээнд хүрсэн нь бараг сонсогддогүй нь гайхалтай. Бидэнд монгол улсын нэгдсэн мэдээллийн систем байна уу? Нэг газар ажил хөөцөлдөөд очихоор өөр газар руу тийм зүйл гаргуулаад ир гэх зэргээр ийш тийш нь эцэс төгсгөлгүй шат дамжлага болгон явуулна. Бид чинь мэдээллийн эринд амьдарч байгаа биш бил үү? Цэцэрлэгийн нялх үрсээс эхлээд өвгөд хөгшид хүртэл бидэнд амьдралын тал бүрт хэрэглэчихээр монгол програм хангамжууд маань алга. Монгол хүний хэрэгцээ заавал гадаадынхантай адилхан байх албагүй. Тиймээс үргэлж гадаад програм хэрэглэх боломжгүйгээс гадна, хүн бүр англи хэлийг төгс мэдэх албагүй шүү дээ. Тэгээд ч гадаадын өндөр үнэтэй програмуудыг манайхан тэр бүр олж авч хэрэглэх боломж хомс.

Яагаад бид энэ бүхнийг одоо хүртэл хийгээгүй, хийхгүй байгаа юм бэ? Нөгөө оюуны потенциал маань хаачсан бэ?

     Одоогийн монголын мэдээллийн технологийн чиглэлийн компаниуд, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг ажиглаж байхад энэ тулгамдаж буй асуудлыг аль ч тал нь олж харахгүй (харсан ч хөдлөхгүй) харин ч ойр зуурын жижиг зүйлд хамаг хүч заваа зарцуулж байна. Хэн ч өөрөөр асуудлыг хийхийг, бодож үзэхийг хүсэхгүй байгаа бололтой.

     Юуны өмнө хэлэхэд энэ үүсээд байгаа нөхцөл байдлын буруу нь монгол хүний оюун ухааны чадвар бусдаас дутуудаа биш юм. Дээр хэлснээр бид харин ч илүү. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэгчээр эхлээд монголд мэдээллийн технологийн боловсрол олгож буй байгууллагуудын хувьд юм хэлмээр байна. 1996 онд анх КТМС-ийн програм хангамжийн ангид элсэн орж байсан цаг саяхан санагдана. Чадалтай сайн багш нар ч байдаг байлаа. Сургуулиа төгсөөд багшаар үлдэн 7 жил ажиллав. Энэ хугацаанд ажиглаад байхад програм хангамжийн ангийг төгсөж буй оюутан дор хаяж 8-9 хэл ( Pascal, C, C++, Delphi, PHP, SQL, Lisp, Visual C++, Assembler ) заалгаж байв. Бусад сургуулиудад ч мөн адилхан. Өөрөөр хэлбэл бид мэдээллийн технологийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшихдээ зөв програмчлалын аргачлал бус төрөл бүрийн програмчлалын хэлүүд судлахад 4 жилийг зориулж байсан байж таарах нь!  Гэтэл програмчлалын хэл бол англи хэлнээс л  ялгаагүй хэл шүү дээ. Компьютертэй ярилцах хэл. Англи хэл сурахад олон мянган үг дүрэм цээжлэх хэрэгтэй бол програмчлалын хэлэнд сурах ёстой олон мянган функц, бичиглэлийн дүрэм бий. Бид англи хэлийг хэр хурдан сурдаг билээ! Гэтэл туршлаггүй оюутанд нэг програмчлалын хэлийг сурахад нэг семестер ч хангалтгүй. Ингэхээр оюутнууд маань хамаг үнэт цагаа олон төрлийн програмчлалын хэл дээр яаж бичихийг сурахад зарцуулаад сурах ёстой гол зүйл болох сайн програмын бүтэц, сайн шинжилгээ, обьект хандалтат зарчим эдгээрийг бодит системд хэрхэн хэрэглэвэл үр дүнтэй тухай юу ч мэдэлгүй өнгөрч байна шүү дээ. КТМС-д 7 жил багшилсны эцэст 2006 оноос би “Цахим Өртөө” сургуульд ажиллаж эхэллээ. Дээрх асуудлын тухай байнга бодож байсан тул сургалтын төлөвлөгөөг нь тэр чигээр нь өөрчлөн 1-р курсээс эхлэн 4-р курс хүртэл Java хэл дээр ихэнх хичээлийг явуулдаг болгов. Үүн дээр нэмэгдээд PHP, C# хоёрыг оруулснаар төгсөгчид маань 3 хэл үзээд л бүх төрлийн системийг хийх чадвартай болж байв. Тэгээд ч C# нь бичиглэлийн хувьд Java-тай маш төстэй тул оюутнууд хурдан сурч байгаагаас гадна энэ хичээлийг 4-р курст ордог нь ч нөлөөлдөг байх. Гол нь оюутнууд 1,2-р курс гэхэд л Java хэлийг аажмаар бүрэн эзэмших тул хичээл бүрийнхээ онцлог асуудлыг хэрхэн шийдэх дээр л анхаарах боломж өндөр болсон явдал юм. Програм хангамжийн мэргэжлээр 4 жил суралцахад эзэмших ёстой гол зүйл ер нь юу байх ёстой вэ? Хэрхэн сайн програм буюу алдаанд тэсвэртэй, бичигдсэнийхээ дараа хялбархан өөрчлөгдөн сайжрах боломжтой, төрөл бүрийн платформ руу шилжих чадвартай, шаардлага хангахуйц хурд болон аюулгүй байдлыг хангасан системийг бүтээх вэ гэсэн л асуудал шүү дээ. Тэрнээс ямар хэл дээж яаж бичих вэ биш байх. Ингээд бодоод үзэхээр хамгийн гол сэдвүүд бол “Обьект хандалтат програмчлал”, “Обьект хандалтат шинжилгээ”, “Төслийн менежмент” болж таарна. Бусад бүх цагаа эдгээрийг төрөл бүрийн технологи, нөхцөл байдалд хэрхэн уран хэрэглэх вэ гэдэг дээр суралцаж өнгөрүүлэх ёстой биш гэж үү? Ямар ч системийг ганц Java хэл ашиглан хийж болно. Шинжлэх ухааны програм, график програм, визуаль програм, гар утасны програм, хөргөгчний програм, угаалгын машины програм, том хэмжээний энтерпрайс системүүд ер нь бүгдийг нь л хийдэг. Тиймээс нэг л сайн хэлийг төгс эзэмшчихээд түүнийгээ хэрэглэн бодит амьдрал дахь асуудлыг шийдвэрлэж сурах нь чухал байлгүй дээ. Тэгээд ч сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй туршлагатай програмист хүн шаардлагатай гэсэн програмын шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурдагийг бүгд мэднэ.

Обьект хандалтат програмчлал (ОХП) гэхээр бас нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Бусад бүх л сургуулиудад энэ сэдвээр хичээл заадаг. Гэвч арай өөрөөр....  Яаж вэ?  Java ч юмуу С++ ч юмуу хэл дээр яаж класс зарлах вэ, яаж удамшуулах вэ, яаж функц дахин тодорхойлох вэ, private гишүүн өгөгдөл зарлавал классын гаднаас хандаж болдоггүй гэхчилэн ямар нэг хэл дээр ОХП хэрхэн бичих талаар л заагаад байдаг. Нөгөө л хэлээ заасаар байна гээч. Үнэндээ ямар нэг хэлний обьект хандалтат онцлогийг 7 хоногт л заачихад хангалттай байдаг. Тийм их зүйл ч байхгүй. Гэтэл энэ сэдвээр гол заах, ойлгох ёстой зүйл бол програмын бизнес логик болон интерфэйсийг хэрхэн салгаж бичих, удамшил полиморфизм нь бодит системийг хэрхэн  маш уян хатан болгодог тухай, private protected өгөгдлүүд програмыг хэрхэн алдаанд тэсвэртэй, өөрчлөгдөж хөгжихөд хялбар болгодог талаар, өгөгдлийн далдлалт нь нүсэр зарчмыг хэрхэн алга болгох талаар,  улмаар B. Meyer, B.Liscov, R.Martin-ийн зарчмууд, DRY, KISS зарчим,  design patterns эдгээрийг хэзээ, хаана, хэрхэн хэрэглэх энэ тэр баймаар юм. Тиймээс сургалтын чиглэл, түүний агуулга ч бас асуудалтай байгаа бололтой.



Өөр нэг нөлөөлж буй зүйл бол мэдээллийн технологийн сургалтын буруу хөтөлбөрийг мөрдөж байгаа явдал юм (энд бусад мэргэжлийг хамааруулаагүй). Одоо зурагтаар олон сургуулиуд элсэлтийн рекламаа мянга мянгаар нь цацаж байгааг бүгдээрээ л хардаг байлгүй дээ. Хараад байхад бүх л их сургуулиуд  олон улсын жишигт хүрсэн төгсөгчдийг бэлтгэнэ гэж байна. Өөрөөр хэлбэл монголд ч гадаадад ч гологдохгүй ажиллана гэсэн үг. Сайхан л сонсогдож байна. Хэдэн жилийн өмнө надад Архангай аймагт амаралтаараа очих боломж олдсон юм. Хэсэг морь унаж айраг ууж явсны эцэст нэг айлд буун тэндээ хонохоор боллоо. Айлын эзэн ч хотоос ирсэн боловсролтой хүү байна гээд баярлаж байна гэж жигтэйхэн. Тэгээд за хүү минь ахынхаа энэ эвдэрсэн радиог нэг сайхан засаад өгөөрэй гэдэг байгаа. Тэр нь хөдөө сумаас өөр газар байдаггүй аль дээр үеийн эд байсан л даа. Нэрэлхсэндээ нөгөөхийг нь авч хэсэг үзээд, задлаад сүүлдээ мэддэг орос хэл дуусав. Гэтэл мань хүн яриж байнаа : Уул нь манай эндхийн нэг бор техникч залуу иймэрхүү юмийг дор нь хийчихдэг юм ойрдоо  даан ч энэ хавиар үзэгдэхгүй юм, мань мэтдээ их хэрэгтэй хүн дээ гэнэ. Би ч мундагийг нь гайхахаас өөр аргагүй болов. Үнэндээ ч эндээ бол надаас илүү хэрэгтэй хүн юм байна гэдгийг нь сайн ойлгож байсан л даа. Тэднийхээс яваад бас л нэг зүйлийг гайхан боддог боллоо. Үнэндээ би монголдоо хэрэгтэй зүйл сурч уу үгүй юу гэж. Радио засч сурах нь чухал гэж хэлэх гэсэнгүй. Монгол болон барууны мэдээллийн технологийн хөгжлийг харьцуулбал Улаанбаатар хот энэ сум хоёртой л адилхан шахам. Хэрэв бид улаанбаатар хотод л хэрэглэгддэг технологийг сураад сумд ажиллавал ямар байх вэ? Сумынхан нь намайг юу ч мэдэхгүй гэж үзэх л байх. Үүнийг сонсоод зарим хүмүүс гэхдээ монголд болон баруунд хоёуланд нь гологдохгүй ажиллахад чамлагдахгүй боловсрол олчихвол болно биз дээ гэх байх. Тийм ч байж болох юм. Тэгвэл дахиад арай өөрөөр бодоод үзье. Зарим мэдээллийн эх сурвалжаас сонсоход 2008 оны байдлаар манай бүх их дээд сургуулиудын төгсөгчдийн 1.2% орчим хувь нь төгсөөд гадаадад ажиллаж байгаа судалгаа байна. Тэгвэл 98.8% хувь нь монголдоо өөрөөр хэлбэл “сум”-д бүх насаараа ажилладаг болж таарч байна! Энэ бол ер нь л бид гадаадад ажилладаггүй гэснээс ялгаагүй хэрэг. Нэгэнт гадаадад ажилладаггүйгээс хойш гадаадад л байдаг технологийг сургахад 4 жил зарах шаардлага хэр санагдаж байна вэ?! Би лав (тэр айлд очсоноос хойш) хэрэв би суманд үүрд амьдрахаа мэдвэл радио засах сургуульд л сурах байсан. Тэгээд магадгүй хуучин радионуудыг засахын хамтаар яаж арай илүү чадварлаг радио хийх вэ гэж цаашаа монголоо талаар санаа тавих байсан байх л даа. Бид гадаадад ажиллах учиртай байсан 1.2% цөөнхөөс болж бүх нийтдээ хэрэггүй зүйл заах хэрэг байна уу? Тэр 1.2 хувь нь сургуулиа төгсөөд өөрсдөө бие даан гадаадын хэт өндөр технологио судлаад гадаад явж болдоггүй юм уу? Гэхдээ л гадаадын технологийг сурвал түүнийг монголдоо хэрэгжүүлнэ шүү дээ гэж ч хэлж болох юм. Гэтэл мөлхөж чадахгүй байгаа хүүхдэд олимпод яаж уралдахыг заах нь дээр үү эсвэл эхлээд мөлхөж сургах нь зөв үү? Дараа нь алхахыг нь сургуулиудад заагаад, алхах нь болоод ирэхийн хамтаар аажмаар гүйхийг нь зааж эхлэх сургалтын төлөвлөгөө байх нь зөв биш гэж үү? Яг ийм л үр ашиггүй сургалтын хэлбэр их сургуулиудад байгаа болохоор монголын маань оюуны потенциал бидний амьдралд хэрэг болох боломж олдохгүй байгаа бол уу. Жишээ нь яг програм хангамжийн мэргэжлийн тухайд яривал одоо бидний энэ байгаа төвшинд бол “Үйлдлийн систем”, “Хиймэл Оюун”, “Ассемблер”, “Алгоритмын оновчлол” мэтийн хичээлүүдийг заах нь зөв үү? Сургуулиа төгссөн бүх програмистуудаас би одоо хүртэл эдгээр сэдвүүдээр програм хэр их бичсэн бэ гэж асуумаар байна. Windows-ийг байхад бид хэзээ ч үйлдлийн систем бичихгүй нь лавтай, үйлдлийн системийн туслах програмуудыг ч (жишээ нь гарны драйвер) бараг л бичдэггүй. Бид харин өгөгдлийн сан, визуаль програм, интернэт програмчлал, өгөгдлийн сангийн загвар, android iPhone програмчлал, мэдээллийн нууцлал хамгаалалт болон эдгээрийг холбосон энтерпрайс системүүдийг одоо сайн хийдэг байх нь хамаагүй чухал байна шүү дээ. Эднийгээ ч сайн хийч чадахгүй байна. Тиймээс одоогийн монголын нөхцөлд хамгийн их дэлгэрсэн, эрэлттэй болж байгаа технологиудыг арван хуруу шигээ эзэмшсэн МОНГОЛ-доо зориулсан мэргэжилтнүүд бэлтгэх нь бидний нэн тэргүүнд бодох ёстой болж байгаа зүйл юм шигээ. Тийм хүмүүс л одоогийн монголыг ахиулж өөр монгол болгож чадна. Үнэндээ одоо зарим мэдээллийн технологийн их сургуулийн хичээлийн хөтөлбөрийг харахад ойлгох зүйл ч огт харагдахгүй байна. Яг үүлэн дээр байгаа юм шиг. Хэрэв бид ийм төлөвлөгөөг дагавал удалгүй монголын мэдээллийн системийн хөгжил болон түүний хэрэглээ нь барууны хэмжээнд очиж болох ба тэр үед л харин сургалтын хөтөлбөрөө барууны жишгийг даган өөрчилбөл илүү зүйтэй байх. Илүү нарийн дээд технологиудын тухай хичээлийн магистерийн хөтөлбөрөөр заах нь тохиромжтой. Учир нь хүн бүр тэднийг бакалаврын хөтөлбөртөө сурах албагүй. Хүссэн хүмүүс нь магистерийн сургалтаар нэмж үзэж болох юм. Бакалаврын хөтөлбөрт дутагдаж буй өөр зүйл бол програмчлалын зөв арга барилын тухай Design Patterns, томоохон мэдээллийн системийг гүйцэтгэх талаар J2EE технологи, мэдээллийн нууцлал хамгаалалтын талаар тус тусд нь шинэ хичээл болгон оруулж өгөх нь илүү ашигтай. Мөн сургалтанд ашиглах програмчлалын хэлээр аль болох олон улсад нэр хүндтэй өргөн хэрэглэгддэг Java, C# мэтийн хэлийг хэрэглэвэл монголдоо ч гадаадад ч ажиллах боломж бүрдэх юм.

Одоо хичээл заах талаас нь хэдэн үг хэлье. Ихэнх сургуулиудын хичээлээ явуулж буй хэлбэр нь дээр үеийн социалист арга барилыг санагдуулсан хэвээр л байна. Багш нь лекцийн турш самбар дээр юм бичиж ярьж оюутнууд нь чимээгүй хуулна. Хурдан хуулж авахаа бодохоос ярьж буй зүйлийг нь тэр болгон ойлгож амжихгүй. Миний хувьд лекц бол “ширүүн маргаан, хэлэлцүүлэг” байх ёстой гэж боддог. Багш нь нэг ойлголтыг тайлбарлаж заасныхаа дараа оюутнуудад  уг талаар хөндсөн асуулт тавьж тэдний хооронд маргаан, хэлэлцүүлэг үүсгэж байх хэрэгтэй. Лекц бол харилцан ярилцах, дутуу ойлгосноо гүйцээх, шинэ зүйлийг хэлэлцэх цаг байх ёстой. Үүний тулд ч лекцэд оролцох оюутны тоо цөөхөн байх тусам ашигтай. Олон оюутантай хичээл бол лекцийн цагийг 15 оюутнаар хувааж орж болохгүй гэж үү. Самбар дээр бичих нь хэтэрхий их цаг авдаг ба оюутнууд ч бичих хэрэгтэй болдог тул маш үр дүнгүй болдог. Үүний оронд лекцээ проектор, TV, компьютер ашиглан пресентэйшн хийн явуулах ба лекцийн дараа лекцээ файлаар нь өгчихдөг бол оюутнууд лекц тэмдэглэх гэж цаг алдахгүйгээр зөвхөн багшийн яриж буй сэдэвт анхааран улмаар харилцан ярилцах боломж бүрдэнэ. Лекц болон лаб-ийн дадлагыг мөн л буруу холбож байх шиг. Жишээ нь ихэвчлэн лекц дээр ямар нэг баахан шинэ зүйл заачихаад лабаар тэдгээрийг ашигласан програм бич гэнэ. Та нарыг харь гаригийн ширэнгэн ойн тухай нэг лекц орчихоод лабаар нь шууд ширэнгэн ойд нь тавичихаад төөрөхгүйгээр аюулгүйгээр тийм  ийм зүйл бүтээ гэвэл ямар байх вэ? Хичнээн онол сонссон ч бодит байдалд харанхуй шүү дээ. Тэгснээс эхлээд тэр мэддэг хүн нь ойд хамт дагуулан явж хэсэг зүйлийг хийж өгөөд зааж үзүүлсний эцэст л дараа нь бие даалгуулж юм хийлгэнэ биз дээ. Тиймээс  лекц дээр онол орсон ч эхний үед багш лабын цагаар өөрөө програмчилж түүнийг бүрэн яаж ашиглахыг нийтэд үзүүлж дасгах ёстой байх. Хүн онолоос биш практикаас л  сурдаг. Практик нь харин онолыг ойлгоход тус болдог.

Монголын мэдээллийн технологийн салбар хөгжихөд том саад болж буй өөр нэг асуудал бол энэ салбарын англи монгол нэр томъёоны асуудал юм. Энэ нь зөвхөн монголд ч байгаа бус төрөлх хэл нь англиас бусад бүх л улсуудад байдаг асуудал. Гол нь бусад ихэнх улсууд үүнийг тодорхой шийдэлд хүрэн стандарт болгож чадсанд оршино. Үүнээс болж ямар асуудал гардаг билээ? Жишээ нь одоо мэдээллийн технологийн ямар нэг чиглэлийн тухай монгол ном авч уншихад нэмж юм ойлгохоос илүү ойлгосон юм маань улам самуурмаар санагдана. Хүн бүр өөрийн үгээр ямар нэг зүйлийг хэлсэн байдаг. Жишээ нь ямар нэг юмны PROPERTY гэсэн үг. Үүнийг зарим нь “шинж чанар” гэсэн байна зарим нь “тохиргоо” гэнэ зарим нь бүр сонин хэлнэ. Component гэхийг юу гэх вэ? Юу гэж хэлэх нь хамаагүй л дээ гол нь аль нэгийг нь стандарт болгон хэрэглэхгүй бол бид нэг ном уншаад арай ядан нэр томъёонд нь дасаад ойлгох аядаад өөр ном уншихад мөн л огт ойлгохоо байдаг. Зөвхөн уншихад ч биш, шинээр ном бичихэд үүнээс болоод л ном бичих хүсэл олон хүнд төрдөггүй эсвэл маш хэцүү ажил болж хувирдаг байх. Тэгэхээр нэр томъёоны стандарт гэдэг зүйл чухал байх нь.

Тэгэхээр бид яах хэрэгтэй вэ? Ямар стандарт гаргах вэ? Ингээд ирэхээр хүмүүсийн санал бодол хоёр талд хуваагддаг : Бүх мэдээллийн технологийн үгийг харгалзах монгол үгээр илэрхийлэх, нөгөө нь англи үгийг галиглаад бичихээ гэж. Эхний хувилбарыг олонх хүмүүс дэмждэг бөгөөд тэр талаар төсөл хүртэл байдаг. Гэтэл бүх тийм үгийг илэрхийлэх монгол үгс байхгүй. Учир нь мэдээллийн технологийн ихэнх англи үгс нь ч гэсэн цэвэр англи хэлэнд өөрт нь байдаггүй, шинээр нэмэгдсэн үгс байдаг. Яаж тийм үгсийг бид байдаг л монгол үгсээрээ илэрхийлэх юм бэ? Тэгээд ч мэдээллийн технологийн англи үгс нь нэг л үг байдаг бол түүнийг орчуулахад ихэвчлэн хоёр монгол үг бичих аж. Жишээ нь property - шинж чанар. Энэ нь мэдээллийн технологийн бичиг баримт, програмуудыг улам төвөгтэй болгоход хүрнэ. Шинэ үг л зохиохгүй бол бид бүгдийг нэг нэг үгээр илэрхийлж чадахгүй. Тэгээд ч нэг үгийг орчуулах болоод ирэхээр хэд хэдэн хувилбар дээр эцэс төгсгөлгүй маргаан дэгдэж алийг нь хэрэглэхээ шийдэлгүй асар уддаг. Ийм хурдаар бид зөвхөн монгол руу хөрвүүлэх гэж л олон арван жил барах бололтой... Нөгөө талаас англи үгсийг шууд галиглан ашиглах нь асуудлыг хормын дотор шийдэх боломж олгоно. Шинэ үг олох, орчуулах шаардлаггүй. Эхлээд эвгүй мэт харагдаж болох боловч 5 жилийн дараа гэхэд л бид дасаж орхино. Энэ бол зөвхөн мэдээллийн технологийн салбарын хувьд ч биш. Доктор гэдэг үг монгол бил үү? Яг монгол мэт л байгаа биз дээ? Текст гэдэг үг монгол билүү? Машин гэдэг үг монгол билүү. Миний хувьд дээрх хоёр хандлагыг хослуулан хэрэглэн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж боддог. Нэр томёоны 80 гаруй хувь нь (80 ч биш л дээ, дийлэнх ихэнх нь гэсэн санаагаар) шууд галиглахаас аргагүй ба үлдсэн 20 гаруй хувь нь таарах сайхан монгол үгээр илэрхийлэгдэж болно. Жишээ нь operation system – үйлдлийн систем, windows – цонх, menu – цэс ... гэх мэт. Тиймээс нэр томъёог стандарт болгох төслийнхөн юуны түрүүнд галиглах шаардлагатай үгсийг гарган галиглаад үлдсэн цөөн үгсийг монголоор нь стандарт болгоод хурдхан ажлаа дуусгаасай. Ийм болбол олон сайхан монгол номнууд, лекцүүд хурдан гарахад тун дөхөмтэй болно.

Энэ бүхэн бүгд бүрдсэн ч өөр бас нэг асуудал байгаа нь мэдээллийн технологийн монгол мэргэжилтнүүд чиглэл чиглэлээр мэргэшихгүй байгаад оршино. Өөрөөр хэлбэл нэг компанид нэг хүн бүгдийг хийх байдал ажиглагддаг. Базаа өөрөө зохиож үүсгэж, кодоо бичиж, тестлэж, дизайныг гаргаж, клипийг хийж, зургийг нь зурдаг. Гэтэл баруунд бол өгөгдлийн сангийн администратор, компонент девелопер, системийн шинжээч, дизайнер, тестлэгч, нэгтгэгчид гэх мэтээр өөрийн хийх ажлаар мэргэжсэн хүмүүс нэгдэн нэг систем дээр ажилладаг. Өгөгдлийн сангийн хүн бол яаж хамгийн зөв бүтэцтэй, хурдан ажиллах боломжтой, өгөгдлийн давхардал бага гарах баз байгуулах вэ, бусад програмаас уг баз руу хандалтыг хэрхэн зохицуулах, хязгаарлах, бүртгэх вэ гэх мэтийн асуудлыг гарын арван хуруу шигээ мэдэх ба тийм л зүйл хийж сууна. Тиймээс уг хүн ажлаа мэргэжлийн өндөр төвшинд хурдан хугацаанд хийх нь аргагүй. Тэгээд ч ийм мэргэжлийн хүн болохын тулд сурах эзэмших зүйл нь хязгаартай тоймтой байх тул хурдан хугацаанд сурна. Бид харин бүгдийг энд тэндээс нь зулгаан сурч аль ч талаар нь чимх чимх л зүйл мэддэг болж байна. Ийм мэдлэгтэй чадвартай хүмүүс бодит амьдралд байх програмуудыг яаж хурдан хугацаанд өндөр төвшинд хийх юм бэ? Харин компаний боссууд үүнийг ойлголгүй програмист л бол бүгдийг чадах ёстой, хийх ч ёстой гэж үзнэ. Чадахгүй бол чи муу байна гээд цалин хасна, ажлаас хална. Ер нь график дизайнерийг л аваад үзэхэд энэ бол зүгээр л нэг програм (photoshop, indesign) ашиглаж чадах биш харин урлагийн, зураачийн мэдрэмж хэрэгтэй байдаг. Цаасан дээр тэгшхэн зураас ч зурж чаддаггүй мань мэт шиг хүмүүс хэзээ ч дизайнер болж чадахгүй, болох ч номгүй.  Нэг чиглэлээр мэргэжээд өөрийн л үүргийг гүйцэтгэж суух нь мэдрэлд ч тустай. Одоо мэдээллийн технологийн компанид ажилд орох гэж буй хүмүүсийн CV-г харахад эзэмшсэн сурсан технологи дээр нь дуусашгүй урт лист байх юм. Яаж ч бодсон ийм их зүйлийг бүгдийг төгс мэддэг байж таарахгүй. Энэ байдлыг мэдээллийн технологийн боловсрол олгодог сургуулиуд ч анхаарах хэрэгтэй байх. Бүгд л програм хангамж гэсэн мэргэжил яриад байхаар тус тусд нь салгасан мэргэжлийг сургуулиуд өгөх хэрэгтэй шүү дээ. Нэг сургууль зөвхөн сүлжээний администратор, нөгөө нь өгөгдлийн сангийн админ бас нэг нь системийн шинжээчид бэлтгэдэг байж яагаад болохгүй гэж? Компаниуд ч гэсэн хүмүүсийг ажилд авахдаа зөвхөн ямар нэг чиглэлээр л мэргэжсэн хүн авдаг болцгооё. Одоо бэлэн ажиллах хүчтэй байгаа компаниуд нь мэргэжлийн хуваарилалтыг хүмүүстээ хийж, тэр талаар нь хэсэг хугацаанд чадвараа ахиулах боломж өгөөд орж ирсэн төсөл дээр мэргэшсэн байдлаар нь ажлыг нь хуваарилж өгдөг болъё. Ингэвэл монголын гэсэн сайн системүүд хурдан бий болох нь дамжиггүй.

2005 онд Берлиний техникийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар очиж хэсэг ажиллаж үзэх боломж надад олдсон юм. Энэ их сургууль дээр 40 орчим эрдэм шинжилгээний ажилтнууд (ихэнх нь тус сургуулийн багш профессор нараас бүрдсэн) болон тус сургуулийн оюутнууд нийлэн германы холбооны томоохон компани болох T-Mobile компаниас захиалсан төсөл дээр ажиллаж байв. Энэ төсөл нь 5 жилийн турш үргэлжилж байсан бөгөөд зорилго нь T-Mobile ийн системд хиймэл оюун нэвтрүүлэх боломжийг судлах, турших явдал байлаа. Багш профессорууд нь судалгааг хийж оюутнууд нь тэдний удирдлага дор кодыг нь бичнэ. Үүнийг ажиглаад монголд ч иймэрхүү хувийн, улсын компаниуд нь их дээд сургуулиудтайгаа хамтран шийдвэрлэхэд хүнд, судалгаа цаг их ордог зүйлсээ шийдүүлэн хамтарч ажиллавал их зүгээр юмаа гэсэн бодол төрж байлаа. Хувийн болон улсын компаниуд их дээд сургуулиуд дээр өөрсдийн гэсэн эрдэм шинжилгээний төв лаборатори байгуулж болно шүү дээ. Компьютер тоног төхөөрөмжөөр нь ивээн тэтгээд өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах, шийдэж чадахгүй судалгаа шинжилгээний ажлуудыг мэдлэг туршлагатай багш нар тэдний удирдлагад ажиллах оюутнуудаар шийдүүлж байвал тухайн компанид ч цаашлаад бага цалинтай багш нартаа ч, оюутнуудад ч ашигтай байх байх. Судалгааны гол ажлуудыг төгсөгч оюутнуудад дипломын ажил болгон өгч судлуулж үр дүн авч болно. Их дээд сургуулиуд ч оюутны төлбөрийг нэмж тэндээс бизнес хийх гэж ядаж байхаар бизнес байгууллагуудтай хамтран төсөл хийж ядаж л улсаа хажууд нь хөгжүүлнэ биз дээ. Диплом хийж буй оюутнуудын хийсэн зүйл нь хэнд ч хэрэггүй жижиг сажиг зүйлийг дахин дахин хийж байна. Нэг оюутан дипломоороо байгууллагын дотоод мэдээллийн систем аваад 50% орчим хийгээд хамгаалаад гарчихдаг бол дараа жил нь дахин өөр оюутан уг системийг авч хийгээд мөн л 50% болгоод орхих г м ээр дахин дахин нэг л зүйл энд тэнд бүгд хийж байна. Үүний оронд бусад газраас захиалсан төслийн хэсгийг оюутан дипломоороо шийдэх, дараа жил өөр оюутан түүнийг нь хийж хүрсэн газраас нь залгуулан хийж дуусгах мэтээр ажиллаад байвал оюутнууд ч бодит амьдрал дахь асуудлыг шийдвэрлэх зүйл хийнэ, үр дүнд нь гарсан ажил ч захиалсан бизнес байгууллагад нь үр ашгаа өгөх юм. Ер нь энэ байдал зөвхөн их дээд сургуулид ч биш монголын мэдээллийн технологийн ихэнх компаниудад ч хамаатай. Одоо маш олон жижиг мэдээллийн технологийн компаниуд ажиллаж байна. Хараад байхад тэд бүгд л ижил зүйлийг дахин дахин хийцгээж байгаа бололтой. Бүгд вэб хийнэ, бүгд санхүүгийн програм хийнэ, бүгд э-оффис энэ тэр гэнэ. Санхүүгийн програмыг нийт хэдэн удаа бичсэн бол? Олон юман дээр үргэлж эхнээс нь хийснээр чанаргүй системүүд гарч ихэнх нь яваандаа хэрэггүй болдог. Үүний оронд компаниуд хийж буй гаргаж буй програмын чиглэлээрээ мөн л мэргэших хэрэгтэй. Яг өмнө нь яриснаар ажилтнууд нь мэргэшсэн өөрийн гэсэн ажиллах чиглэлтэй байх ёстой шиг. Жишээ нь нэг компани нь зөвхөн санхүүгийн програм, нөгөө нь зөвхөн их дээд сургуулийн мэдээллийн систем, нэг нь зөвхөн сүлжээний администраци .... Ингэж тус тусын чиглэлээр ажиллавал яваандаа хийж буй програмууд нь жилээс жилд сайжирсаар өөр ямар ч байгууллага уг хэмжээнд нь хүрэх програм хийхэд маш хэцүү болно. Улмаар гаргаж буй програм нь тухайн чиглэлээрээ монополь болж тухайн компани нь жилээс жилд зөвхөн уг програмаа сайжруулан нэмэгдүүлэхээс өөр зүйлд санаа зовохгүй болно шүү дээ. Одоо монголд програм хангамж, вэбийн үнэлгээ маш бага байна. Учир нь бүх төрлийн програмыг бүгд л хийнэ гэж амлан гүйлдэж байгаагаас (нийлүүлэлт ихдвэл юу болох вэ?) тэр шүү дээ. Бие биеээсээ өрсөлдөн үнээ буулгаж байна. Эндээс гол ажлыг хийх ёстой програмистууд, девелоперуудад л бага мөнгө оногдоно гэсэн үг. Тэртэй тэрэнгүй бүх төрлийн програмыг хийх ёстой гэсэн дарамтанд үргэлж байгаа тэдэнд талханд нь хүрэхгүй мөнгө өгвөл ямар чанартай програмууд цувах нь ойлгомжтой байхаа. Энэ байдлыг мэдээллийн технологийн компаниуд өөрсдөө л үүсгэсэн, мөн өөрсдөө засах учиртай.

Төгсгөлд нь хэлэхэд барууны хүний сэтгэлгээ монгол хүнийхтэй адилхан байдаггүй. Тиймээс барууны судалгаа шинжилгээний арга нь монгол хүнд мөн л таардаггүй. Обьект хандалтат системийн шинжилгээ ба зохиомжийг аваад үзье. Жинхэнэ код бичихээс өмнө удаан шинжилгээ зохиомж хийнэ. Зөвхөн шинжилгээний эхлэлд гэхэд л Use case бүрийг хийж тус бүрт нь хэрэглэгдэх boundary, entity, control обьектуудыг олж тэднийг Sequince диаграмд үйл ажиллагаанд холбон дүрслэх тэвчээр цөөхөн монгол хүнд бий. Цаашилбал бүр л дордоно. Хэдийгээр маш сайн бодож болвсруулсан зүйл боловч монгол хүнд нэг л тийм. Бид шууд үр дүн харах дуртай. Удаан хүлээх тэвчээргүй. Юмыг урдаас нь биш хойноос нь сэтгэдэг. Тиймээс бид баруунд амжилттай сайшаагдсан аргачлал л гэхээр супер байх ёстой гэж  муйхарлаж бас таарахгүй.  Үндэстэн бүр өөр. Бидний иддэг бууз, идэх хэмжээ нь тэдний ходоодыг өвтгөх нь лавтай. Бид өөрсдөдөө тохирсон шинжилгээний аргачлал, програмчлалын аргачлалыг олох нь удалгүй чухал асуудлын нэг болж ирэх нь ээ. Магадгүй Agile development methodology бидний сэтгэлгээнд илүү ойролцоо байж магадгүй юм. 

            Иймэрхүү байдлаар бид хэзээ нэг цагт өөрчлөгдөх нь гарцаагүй. Тийм цаг үе тулчихаад байна. Харин хэн нь эхэлж хөдлөх бол? Хамгийн түрүүнд хөдөлсөн нь хамгийн их хожно. Бүх зүйл замбараагүй бужигнаж, орох гарах газраа олохгүй байгаа монголын IT-ийн энэ нөхцөлд ухаалгаар яаж ажиллахаа харсан тэр хэсэг нь хамгийн хурдан цойлж гарах нь гарцаагүй. Бидэнд мэдээлэл асар их байна. Зөвхөн түүнийг цэгцтэй ашиглах, боловсруулах, түгээхэд туслах цэгцтэй мэдээллийн системүүд тэднийг хийх зөв зохион байгуулалттай, зөв бодолтой компаниуд, тэнд ажиллах хүмүүсийн зөв сэтгэлгээ л одоо яаралтай хэрэгтэй болжээ. Хэрэв энэ бүхэн хэрэгжчихвэл монгол оюуны потенциал дэлхийд гайхагддаггүй юмаа гэхэд монголоо сэв хийтэл өргөн дэлхийн хэмжээнд аваачих цаг ойрхон байна.

10 comments:

  1. Их сонирхолтой нийтлэл байна

    ReplyDelete
  2. санхүүгийн программ хийхэд аль хэл нь илүү тохиромжтой юм бэ.

    ReplyDelete
  3. тус блогийн эрхлэгч Ц.Амарбат багш надтай холбоо барина уу? facebook: Монгол Кино Продюсер ( https://www.facebook.com/profile.php?id=100007532172795 )

    ReplyDelete
  4. Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул 918704214690 дугаарт залгах тул бид танд сайн хэмжээг санал болгоно.
    имэйл: dr.louisclinic@gmail.com
    whatsapp: 1- (725) 2017759
    Үнэ: $450,000usd

    ReplyDelete
  5. Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг

    Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу.
    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats програмын дугаар: +33751490980

    Сайн сайхныг хүсье
    МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
    DR MAXWELL

    ReplyDelete
  6. Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг

    Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу.
    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats програмын дугаар: +33751490980

    Сайн сайхныг хүсье
    МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
    DR MAXWELL

    ReplyDelete
  7. Бөөр худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу
    бөөр? Та бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу?
    санхүүгийн хямралаас болж юу болохыг та мэдэхгүй
    өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн зүйл санал болгох болно
    мөнгөн дүн таны бөөрөнд 500,000 доллар. Намайг Доктор МАСФЕРСОН гэдэг
    би бол нефрологич MACPHERSON CLINIC-д ажилладаг. Манай эмнэлэг нь
    Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас шийддэг
    бөөр худалдаж авах, эрхтэн шилжүүлэн суулгах
    харгалзах донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг
    Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол битгий мэдэгдээрэй
    бидэнтэй холбоо бариарай whatsapp +33751283487 болон имэйлээр холбоо бариарай.
    Имэйл: doctormacphersonclinic@gmail.com

    Сайн сайхныг хүсье
    DR MACPHERSON.

    ReplyDelete
  8. Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 400,000 долларын сайн мөнгө өгөх болно. Намайг Доктор Мохаммед Чирак гэдэг. ФРАНСИСКО ХӨДӨЛГИЙН НЕФРологич. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг.

    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах хүсэлтэй байгаа бол имэйл, WhatsApp ашиглан бидэнтэй холбоо бариарай.
    И-мэйл хаяг: franciscohospital1988@gmail.com
    WhatsApp дугаар: 60 11-2321 7817

    Сайн сайхныг хүсье
    МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
    DR MOHAMMED

    ReplyDelete
  9. Энэтхэгийн Венката эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч Уэйн Кёрлд DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.
    Эмнэлэг нь миний бөөрийг 840,000 доллараар худалдаж авсан бөгөөд тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ Монголоос Энэтхэг рүү ирж авахаар явуулахын өмнө эхний хагаст 420,000 доллар төлсөн. намайг асарч, намайг маш сайн эмчилсэн, хэрэв би нэг бөөр нь миний системээс авч байсан бол миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж би түүнийг шархны дагуу хавсаргах байсан бол дуусч, өвдөхгүй байна Хагалгааны дараа тэд миний үлдэгдэл 420,000 долларыг төлж, намайг эх орон Монгол руугаа буцаасан.
    Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт би үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна.
    Энд байна Венката Мэргэшсэн эмнэлэг DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл Whatsapp: +19083082601 хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай arsian-аас талархал илэрхийлье.

    ReplyDelete
  10. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete